2010

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ ДАЯАРЧЛАГДАЖ БАЙНА уриатай

GLOBAL HR FORUM-2010

 

Монголын Хүний Нөөцийн Судалгааны Хүрээлэн, МҮХАҮТ хамтран “GLOBAL HR FORUM-2010” сургалт, зөвлөгөөнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Ямагт сайн боловсон хүчин хайж, ажилтнуудаа улам хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдөө номын дуу сонсч, мэдлэг оюунаа цэнэглэлээ.

 

Зөвлөгөөний Ерөнхий ивээн тэтгэгчээр:

М-Си-Эс Групп, Голомт банк, Бридж Констракшн, Хаан банк оролцсон байна.

 

2[1]

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нээж үг хэлж, зөвлөгөөний үүрэг ролийг өндрөөр үнэлсэн бөгөөд Монгол улсын хүний нөөцийн менежмент сайтай гэгддэг байгууллага, компаниудын удирдлага, эрдэмтэн, судлаачид сонирхолтой илтгэл тавьсан юм. Олон салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд ирсэн тул энэ удаагийн зөвлөгөөн өнгөрсөн жилийнхээс харьцангуй өргөн хүрээтэй, цөөнгүй хүнийг хамарч чадлаа гэж оролцогчид ярьж байв. Манай улсын эдийн засаг, бизнесийн орчин эрчимтэй сайжирч байгаагийн хэрээр ур чадвар өндөртэй, хариуцлагатай, итгэл даах, сайн боловсон хүчний эрэлт улам бүр нэмэгдсээр байна. Нөгөө талаас Засгийн газраас энэхүү эрэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, ажлын байр олноор бий болгох зорилгоор энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан билээ.

Хөдөлмөр эрхлэлт дээшилж, ажлын байр нэмэгдэнэ гэдэг бол ядуурлаас ангижрах, амьдрал сайжрах хамгийн зөв бодлого юм. Энэхүү бодлогыг амьдралд гардан хэрэгжүүлэгчид бол яах аргагүй хүний нөөцийн менежерүүд байдаг. Гэхдээ тухайн байгууллагын үнэ цэнэ, шалгуур үзүүлэлтэнд нийцэх, тохирох мэргэжилтнийг хайж олно гэдэг далайгаас сувд шүүрэхтэй адил амаргүй байдаг аж. Харин хүний нөөцийн мэргэжилтэнүүд маань асуудлыг илүү алс, илүү өргөн хүрээнд олж харж чадаж ёстой. М-Си-Эс Группын дэд ерөнхийлөгч Л.Гантөмөрийн хэлснээр, манай улсын хувьд хүн амын ихэнх хувь нь хөдөлмөр эрхлэх насны ид үе дээрээ байна.

Тэгэхээр манай улсын хувьд ажиллах хүчний тоо, чанар, насны үзүүлэлтүүд эерэг үнэлгээтэй, хамгийн таатай нөхцөл дээрээ байгаа ч ажиллах хүчний ур чадвар, хандлага, ажлын соёл, төлөвшлийг дээрхийн адил дүгнэж болохгүй байгаа нь хамгийн их анхаарах асуудал болжээ. “Гэрэгэ” хууль зүйн төвийн захирал Л.Цогжавхлангийн илтгэлд, танай байгууллагад “сүмбэчин” байх вий дээ гэдэгт анхаарлаа зайлшгүй хандуулах хэрэгтэйг онцолж байв. Учир нь дайны үед их бууны гол төмрийг сүмбэддэг сүмбэчин гэх мэргэжил энх тайванч XXI зуунд, Их Британид саяхныг хүртэл байсаар ирсэн тухай өгүүлсэн юм.

Энэхүү зөвлөгөөн хүний нөөцийн онол, арга зүйн болон практик талын аль алинд анхаарал хануулсан нь сайшаалтай болсон. Тухайлбал, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, КтМС-ийн захирал, доктор Г.Батхүрэл нарын эрдэмтэд илтгэл тавьсан. Зөвлөгөөнд “Глобал орчин дахь групп, холдингийн хүний нөөцийн бодлого”, “Глобал хүний нөөцийн мэргэжилтний үүрэг, роль өөрчлөгдөж буй нь”, “Хөдөлмөрийн харилцааны орчин үеийн тулгамдсан асуудлууд, глобал орчны эрхзүйн өөрчлөлт шаардлагууд” зэрэг нийтдээ 13 илтгэл тавигдсанаас М-Си-Эс Группын дэд ерөнхийлөгч Л.Гантөмөр, “Гэрэгэ” хууль зүйн төвийн захирал Л.Цогжавхлан, Голомт банкны захирал Г.Ганболд, Ньюмедиа Группын ерөнхийлөгч А.Мэнд-Оршихын илтгэлүүд олны анхаарлыг татаж оролцогчид хамгийн олон асуулт тавьлаа. Мөн зөвлөгөөнд ХБНГУ-ын “С1\1С” компанийн зөвлөх Рольф Верле илтгэл тавьсан. Нэг өдрийн турш үргэлжилсэн хүний нөөцийн менежерүүдийн зөвлөгөөнөөс оролцогчид ганзага дүүрэн буцсан.

IMG_8379[1]